Sunday, November 30, 2014

Гэдэс цочролын хамшинж




(Irritable bowel syndrome/Синдром раздраженного кишечника)

Шинж тэмдэг

  • Энэхүү хамшинж нь дараах шинжүүдийн нийлбэрээс бүрдэнэ. Үүнд
  • Хэвлийгээр өвдөх
  • Гэдэс дүүрч, унгуулах
  • Өтгөн гадагшлах үйл явц өөрчлөгдөх, өтгөн хатах, суулгах зэрэг нь ээлжлэх
  • Бүдүүн гэдэсний салсын ялгарал нэмэгдэх
  • Биж хамшинж (дотор муухайрах, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх) илрэх
  • Бухимдах, толгой өвдөх, ядрах, сэтгэл гутрах шинжүүд янз бүрийн түвшинээр илрэх

Ерөнхий ойлголт

Гэдэс цочролын хамшинж (ГЦХ) нь өвөрмөц, онцгой шалтгаангүйгээр хэвлийн өвдөлт, өтгөн гадагшлах үйл явцын алдагдлын шинжүүдээр илэрдэг хоол боловсруулах замын үйл ажиллагааны эмгэг юм. 

ГЦХ нь маш түгээмэл тохиолддог бөгөөд бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор бүдүүн гэдэсний хэвийн бус, харилцан уялдаагүй агшилтын улмаас үүсдэг.

ГЦХ нь дараах шинжүүдээр илэрдэг. Үүнд хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, өвдөлттэйгээр суулгах, баасны дараа өвдөлт намдах, баас хатах, бүдүүн гэдэсний салсын ялгарал ихсэх, хоол боловсруулалт алдагдах үед илэрдэг шинжүүд болох гэдэс дүүрэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох, сэтгэл гутрах, бухимдах зэрэг шинжүүд орно. 

ГЦХ нь нийт хүн амын 10-20%-д тохиолддог ба эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү олон тохиолддог.

ГЦХ нь өрхийн эмчийн түвшинд хамгийн түгээмэл тохиолддог ходоод гэдэсний замын эмгэг юм. Нийт тохиолдлын 30-50% нь нарийн мэргэжлийн эмчид ханддаг боловч ихэнх тохиолдолд эмнэлэгт ханддаггүй учраас нарийн тоо гаргахад бэрхшээлтэй. Судалгаанаас үзвэл нийт хүн амын 15%-д ГЦХ тохиолддог бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү тохиолддог байна (Гэхдээ эрэгтэйчүүд эмчид хандах нь цөөн байдаг тул эрэгтэйчүүдийн тоо цөөхөн байдаг байж болзошгүй).

Шалтгаанууд

ГЦХ-ийн шалтгаанууд бүхэлдээ нарийн тодорхойлогдоогүй. Гэхдээ мэргэжилтнүүд тархи болон гэдэсний зам хоорондын харилцаа алдагдсанаар ГЦХ үүсдэг гэж үздэг. Сэтгэцийн стресс, дааврууд, дархлаа тогтолцоо, нейротрансмиттерүүд зэргийн бүрдэл нь тархи болон гэдэсний хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагаанд нөлөөлснөөр үүсдэг байх магадлалтай. Энэхүү харилцан холбоо алдагдахад хэвийн бус булчингийн агшилт буюу спазм үүсч, зангирах өвдөлтийг бий болгодог. Хэвийн бус агшилт нь баас хүргэж, суулгалт үүсгэх буюу баас хаталт, гэдэс дүүрэлтийг үүсгэдэг.

Оношлогоо

ГЦХ-ийг оношлох нь хэцүү бөгөөд бусад боломжит шалтгаануудыг үгүйсгэх замаар оношийг тавьдаг. Эмч асуумжийг сайтар цуглуулж, бодит үзлэг хийх замаар ГЦХ-тэй адил шинж тэмдэгтэй бусад өвчнүүдээс ялгадаг. Адил шинж илэрдгээр илэрдэг доорх эмгэг, нөхцөл байдлуудыг үгүйсгэх замаар оношийг тавьдаг. Үүнд:

  • Цай, кофе, хийжүүлсэн ундаа, энгийн нүүрс-ус агуулсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх
  • Амиоб болон гиардиазын гаралтай халдварт нарийн гэдэсний үрэвсэл үүсэх
  • Гэдэсний үрэвсэлт өвчин (Кроны өвчин, шархлаат колит)-өөр зовиурлах
  • Лактоз (сүүний сахар)-ын мэдрэмж буурах
  • Туулга хэт их хэрэглэх
  • Гэдэсний мөөгөнцөр хэт үржих
  • Антибиотик болон антацидийн улмаас гэдэсний бичил орчин өөрчлөгдөх
  • Нойр булчирхайн дутагдал, целиак өвчний үеийн шимэгдлийн алдагдал бий болох
  • Бөөрний дээд булчирхайн дутагдал, чихрийн шижин, гипертиреодизм зэрэг бодисын солилцооны өвчнүүдтэй болох
  • Гэдэсний хавчигдал гэх мэт механик шалтгаан тохиолдох
  • Хавдар үүсэх

Илүү хүнд өвчнүүдийг тодорхойлохдоо өтгөнд цус илрүүлэх, сигмоидоскопи, колоноскопи, хэт авиа, рентген зэрэг бусад нарийн шинжилгээнүүдийг хийж, өөрчлөлт илрээгүй бол ГЦХ гэсэн оношийг тавина.

Анагаах ухааны эмчилгээ

ГЦХ-ийг эмчлэхэд олон зүйлийг анхаарах хэрэгтэй.  Эмчилгээ нь хоолны дэглэмийг зохицуулж, стресс бууруулахад чиглэгддэг. Зарим хүмүүст сэтгэл гутралын эсрэг эмүүд үр дүнтэй байхад зарим хүмүүст шинж тэмдгийг улам дордуулдаг. Агчил сулруулах эмүүдийг их хэрэглэдэг боловч үр дүнтэй нь батлагдаагүй, гаж нөлөө ихтэй байдаг. Ерөнхийдөө эмчилгээ нь шинж тэмдэг тус бүрд чиглэсэн байдаг. Өтгөн хаталт гол зовиурлах шалтгаан бол туулгах эм хэрэглэж болох ч эдгээр эм нь дасал үүсгэдэг тул удаан хугацаанд хэрэглэж болохгүй. Хий их гарч байвал ходоодны хүчил саармагжуулагч эмүүдийг хэрэглэж болно.

Байгалийн анагаах ухааны эмчилгээ

Бусад шалтгааныг үгүйсгэсний дараа эмчилгээний 4 гол зарчим баримтлана:

  1. Хүнсний эслэгийн хэмжээг нэмэгдүүлэх
  2. Харшил төрүүлэгч хүнсийг хязгаарлах
  3. Сэтгэцийн хүчин зүйлийг багасгаж, хянах
  4. Тохирох ургамлын эмчилгээ хийх

Хооллолт

Шингэн хангалттай ууж байх хэрэгтэй. Өөх тосны хэрэглээг бууруулна. Учир нь өөх тос нь бүдүүн гэдэсний агшилтыг өдөөж, гэдэс цочролыг улам даамжруулдаг. Тодорхой хоолны дэглэмийг баримтлах хэрэгтэй. Хэт олон төрлийн хоолыг нэг дор идэх нь гэдсийг ихээр цочроодог. Тийм ч учраас хоолыг өдөрт цөөн удаа ихээр идсэнээс олон удаа багаар идэх нь тохиромжтой.

Хүнсний эслэг

ГЦХ-ийн эмчилгээнд хүнсний эслэгийг удаан хугацааны туршид хэрэглэсээр иржээ. Нийлмэл нүүрс-ус болон эслэг агуулсан хүнс хэрэглэх нь эмчилгээний үр дүнтэй. Эмчилгээний зорилгоор эслэгийг хэрэглэх судалгаануудад гардаг нэг асуудал нь түүний хүнсний харшил төрүүлэгч чанар юм. Судалгаа болон эмнэлзүйд хэрэглэгддэг нэг төрлийн эслэг нь улаан буудайн хивэг юм. Улаан буудай нь шимэгддэггүй, харшил төрүүлэгч шинж чанартай. Харшил нь ГЦХ-ийн шалтгаан болдог учраас үүнийг ГЦХ илэрсэн хүмүүс хэрэглэж болохгүй. Энэ нь өтгөн хаталттай хүнд үр дүнтэй ч суулгалттай хүнийг улам дордуулдаг. Ихэнх хүмүүст жимс, ногоо, овъёосны хивэг, таван салааны үр (psyllium seed husk), шош зэрэг усанд уусдаг эслэг тохиромжтой байдаг. 

Хүнсний эслэг ихтэй бүтээгдэхүүнүүд. Агаруу дэлгүүр

Таван салааны үрийн хальс (Psyllium seed husk/Подорожник)   
Таван салааны үрийн хальс. Lifestream үйлдвэрийн гэдэсний бэлдмэл
Энэ нь ГЦХ-ын сэдрэлийн үед гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгоход тусалдаг. Таван салааны үрийн хальс (psyllium husk) нь уусдаг эслэгийг агуулдаг бөгөөд их хэмжээний усыг шингээж, өтгөний хэмжээг нэмэгдүүлж, зөөлөн, хэмжээг нь ихэсгэж, гадагшлахад хялбар болгодог. Усыг өөртөө татдаг учраас суулгалтыг ч гэсэн зогсоодог. Ердийн тун нь 1-3 цайны халбага нунтаг, эсвэл 5-10 г хэмжээтэй байна. Үүнийг 1 аяга ус, сүү, жимсний шүүстэй хольж, өтгөрөхөөс нь өмнө амжиж ууна. Мөн капсул болон бусад хэлбэрээр ч худалдаалагддаг. Их хэмжээний эслэг нь заримдаа хэвлийн өвдөлт, суулгалтыг үүсгэж болох ба зарим эрдсийн шимэгдэлтийг алдагдуулдаг. Хэрэглэж эхлэхдээ 1 халбагаас эхлээд аажмаар тунг нь нэмэгдүүлсээр 3 халбагад хүргэдэг. Гэхдээ түгжрэлд хүргэж болзошгүй тул өдрийн турш 8-10 аяга ус ууж байх шаардлагатай. 

Ацидофилус
Ацидофилус нь лактобациллусын бүлгийн ашигтай бактер юм. Олон тооны судалгаагаар энэ нь суулгалт болон бусад ГЦХ-ийн шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй байжээ. Энэ нь өсгөвөрлөсөн сүүн бүтээгдэхүүн болох тарганд ихээр агуулагддаг. Гэдсэнд задардаг бүрхүүл (enteric coating)-тэй  бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй ба энэ нь 1-3 тэрбум амьд организмыг агуулдаг. Эсвэл амьд ацидофил агуулсан таргийг өдөрт 2 аягыг ууна. Их тунгаар хэрэглэхэд суулгалт үүсгэж болзошгүй бөгөөд антибиотик хэрэглэж байгаа бол антибиотикоос 2 цагийн дараа лактобациллусаа хэрэглэх хэрэгтэй. 

Тараг
Зуун наст /Aloe vera, Aloe barbadensis/
Гэдэс цочролын хамшинжийн үед ихээхэн хэрэглэгддэг ургамлуудын нэг нь Алое вера юм. Алое вера нь хоолны шингэцийг сайжруулах, ходоод гэдэсний ханын хучуур эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, гэдэсний ашигтай нянгийн өсөлтийг дэмжих гэх мэт үйлчилгээнүүд үзүүлдэг учраас гэдэс цочролын хамшинжийн олон шинж тэмдэгт тус болдог. Алое вера ургамлын дотор гель хэсгийн бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй учир нь хальс хэсэгт агуулагддаг алоин нь гэдсийг улам цочроох үйлчилгээтэй байдагт оршино. Дотор гель хэсгийг ашиглан бэлдсэн, 99,7%-ийн цэвэр найрлагатай Алое бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөж байна. 

Зуун наст, Алое шүүс 500мл. 1,25л, 2л савлагаатай мөн худалдаалагддаг.
 

Хүнсний мэдрэг байдал
ГЦХ-ийн шалтгааныг тодорхой төрлийн хүнсэнд хэт мэдрэгжсэний үр дүн гэж 1990-ээд оноос ярьж эхэлсэн байна. ГЦХ-ийн үеийн хүнсний хэт мэдрэгжилтэд голлох үүрэгтэй төрөл нь дархлаа уялдаат бус хэлбэр тул энэхүү мэдрэгжилтийг хүнсний харшил гэхээс илүүтэйгээр хүнсний хэт мэдрэгжилт гэж нэрлэх нь тохиромжтой.

Элиминацийн дэглэм (тодорхой бүтээгдэхүүнийг хоолноосоо хасах/elimination diet)-ийн үед тухайн хүнийг хязгаарлагдмал дэглэмтэй байлгадаг бөгөөд ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүдийг хасаж, оронд нь гипоаллерген (харшил төрүүлэгч шинж чанар багатай) болон бараг иддэггүй хүнсийг хэрэглэдэг. 
Ерөнхийдөө эсрэгтөрөгч (антиген) шинж багатай (олигоантиген, элиминаци) дэглэмд мах, төмс, будаа, банана, алим, байцааны бүлийн ургамлууд ордог. Тухайн хүнийг дээрх дэглэмд дор хаяж нэг долоо хоногоос нэг сар хүртэл хугацаанд байлгадаг. Хэрвээ шинж тэмдэг нь хүнсний хэт мэдрэгжилттэй холбоотой байх юм бол дэглэмийн 5 эсвэл 6 дахь өдөр шинж тэмдэг арилдаг. Хэрвээ шинж тэмдэг арилахгүй бол илүү цөөн тооны хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ ихэнх хүмүүс харшил үүсгэгч хүнсний бүтээгдэхүүн багатай (олигоантиген) дэглэм баримтлан сайжирдаг.
Нэг долоо хоногийн дараа тодорхой төрлийн хүнснүүдийг нэмэх бөгөөд 2 хоног тутамд шинэ бүтээгдэхүүнийг нэмнэ. Ихэнхдээ нэг долоо хоногийн “цэвэрлэгээний” дараагаас өвчтөн хүнсний бүтээгдэхүүний эсрэг мэдрэгжилт нэмэгддэг. Тийм учраас харшил үүсгэгч хүнсийг дахин хэрэглэх үед илүү хүнд, урьдынхаас тод шинж тэмдэг илэрдэг. Тухайн хүнсийг бүтнээр нь нэг удаагийн хоолонд хэрэглэх хэрэгтэй. Ямар нэгэн хүнсийг нэмсний дараа зүрхний агшилтын тоогоо шалгах нь хариу урвалыг илрүүлэх боломж олгодог. Нэмсэн хүнсний бүтээгдэхүүн тус бүрд илэрч буй шинж тэмдгийг маш нарийвчлан, анхааралтай тэмдэглэсэн байх хэрэгтэй.
Сонирхолтой нэгэн баримт нь гэдэс цочролын хамшинжтэй ихэнх өвчтөнүүдэд хүнсний харшлыг харуулах шинжүүд (зүрхний цохилт олшрох, амьсгаадах, ядрах, хэт хөлрөх, толгой өвдөх гэх мэт) илэрдэг байна. 
Мөөгөнцөр
Гэдэсний замд Candida albicans мөөгөнцөр байх нь харшлын болон харшлын хуурмаг (псевдо) урвалыг үүсгэхэд нөлөөлдөг бөгөөд гэдэс цочролын хамшинжийн хүндрүүлэх хүчин зүйл болдог. Candida albicans мөөгөнцөр нь гэдсэнд оршдог нэг төрлийн мөөгөнцөр бөгөөд энэ нь гэдэсний хэвийн бактер болон шүүрлүүдийн хяналтан дор хэвийн хэмжээнд байдаг. Хоол боловсруулах шүүснүүдийн ялгарал болон гэдэсний микрофлорын хэмжээ өөрчлөгдвөл, тухайлбал антибиотикийн курс эмчилгээ хийсний дараа мөөгөнцөр хяналтгүй үржиж, мөөгөнцөртөлтийг (кандидиаз) үүсгэх бөгөөд энэ нь харшил үүсэхэд нөлөөлдөг. 
Сэтгэцийн хүчин зүйлүүд
Ихэвчлэн гэдэс цочролын хамшинжтэй өвчтнүүд сэтгэц/сэтгэл хөдлөлийн асуудлууд болох бухимдал, ядралт, сэтгэл гутрал, нойрны асуудлуудтай байдаг. Гэдэс цочролын хамшинжийн шинж тэмдгүүдийг сэтгэцийн хүчин зүйлтэй холбон тайлбарласан хэд хэдэн онол байдаг.  “Суралцах загвар” /learning model/ онолд зарим хүүхдэд стресстэй нөхцөл байдал тохиолдсон үед ходоод гэдэсний зовиур илэрдэг. Өөр нэгэн онолоор гэдэс цочролын хамшинжийг сэтгэл байнга гутрах буюу бухимдлын илрэл гэж үздэг. 

Гэдэс цочролын хамшинжээр өвдсөн хүмүүсийн хувийн шинж байдлын үнэлгээг хийхэд дундаас дээш түвшний бухимдалтай, мөн сэтгэл гутралтай байдаг. Харин өвдөхөөс өмнө тэдний сэтгэц, сэтгэл хөдлөлийн түвшин хэвийн байжээ. Тийм ч учраас түгээмэл тохиолддог ихэнх сэтгэцийн шинж тэмдгүүд нь гэдэсний үйл ажиллагааны алдагдлын улмаас, эсвэл хүнсний харшил, стресс, хүрээлэн буй орчны хүчин зүйл, мөөгөнцрийн улмаас илэрч болдог. Гэдэс цочирсон учраас стресст орж, мөн стрессийн улмаас гэдэс цочирдог. Энэ нь эргэх холбоотойгоор үргэлжилдэг. Тийм ч учраас өөрийгөө аль болох тайвшруулж, бясалгал хийж, өөрийгөө тайтгаруулж байх хэрэгтэй.

Гэдэс цочролын хамшинжийн стандарт эмчилгээнд сэтгэцийн хүчин зүйлүүдийг бууруулах олон төрлийн арга хэрэглэдэг. Биеийн тамирын дасгал хийх нь стрессийн улмаас шаналж буй гэдэс цочролын хамшинжтэй өвчтнүүдэд ач тустай байдаг. Ихэнх хүмүүс өдөр бүр алхаж дасгал хийснээр шинж тэмдгийн илрэл буурдаг нь дасгал хөдөлгөөн стрессийн үр нөлөөг багасгадагтай холбоотой байж болох юм.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд

Гааны тос (Масло мяты перечной/Peppermint oil)
Гааны тос нь ходоод гэдэсний агшилтыг багасгаж, хийг гадагшлуулдаг. Гэдсэнд задардаг бүрхүүлтэй гааны тосыг Европод гэдэс цочролын хамшинжийн эмчилгээнд хэрэглэдэг. Гэдсэнд задардаг бүрхүүл нь ходоодонд тосыг гадагшлахаас сэргийлдэг. Үүнийг хурдан шингэдэг ментол болон бусад гааны тосны ургамлын монотерпен хэлбэрээр хэрэглэх шаардлагатай. Гэдэс цочролын хамшинжийг эмчлэхийн тулд дээрх найрлагуудыг бүдүүн гэдсэнд хүргэх шаардлагатай. Гэдсэнд задрах бүрхүүлгүйгээр хэрэглэхэд гааны тос нь ходоод гэдэсний дээд замд нөлөөлж, үүнийг уусны дараагаас улаан хоолойн сөөргөө, цээж хорсох зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй байдаг. Гэдсэнд задардаг бүрхүүлтэй гааны тос нь ходоод, дээд гэдсэнд задарч шимэгдэхгүйгээр нарийн гэдэс, бүдүүн гэдсэнд хүрч, агшсан гэдэсний булчинг сулруулдаг.
Гэдсэнд задрах бүрхүүлтэй гааны тос 0.2 мл тунтайгаар худалдаалагддаг. Стандарт тун нь хоолны хооронд 2-3 капсулыг өдөрт хэрэглэнэ. Зарим өвчтнүүдэд хүндээр бие засах үед шимэгдээгүй ментолын улмаас халуу оргих мэдрэмж төрдөг. Хэрвээ ийм зүйл тохиолдвол айх хэрэггүй, харин тунг нь багасгах шаардлагатай. Их тунгаар хэрэглэвэл хордлого үүсгэх нөлөөтэй ба бөөрийг гэмтээдэг. 
Цагаан гаа (Ginger/Имбирь)
Цагаан гааг гэдэсний төрөл бүрийн өвчний үед олон жилийн турш хэрэглэж ирсэн. Сүүлийн үеийн судалгаануудаар энэ нь хөдөлгөөний өвчний (motion sickness/укачивания) үеийн шинж тэмдгээс сэргийлэхэд үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Үнэндээ энэ нь хөдөлгөөний өвчний үед түгээмэл хэрэглэгддэг Dramamine хэмээх эмнээс илүү үр дүнтэй байжээ. Хэдийгээр цагаан гааны үйлчлэлийн механизм нарийн тодорхойлогдоогүй боловч гэдэсний хийг гадагшлуулдаг, хоол боловсруулалтыг дэмждэг үйлдэлтэй (carminative) байж магадгүй гэж үздэг. 
Хар нэрс (Blueberry/Черника)
Нэрсний бүлийн жимс болох хар нэрс нь суулгалт болон гэдэс цочролыг эмчлэхэд Европод олон жил хэрэглэгдсэн. Таннинаар баялаг энэхүү хатаасан жимс нь антицианозид хэмээх суулгалтын эсрэг үйлдэлтэй бодисыг агуулдаг. 25%-ийн антицианозид агууламжтай 40-160 мг хандыг хэрэглэнэ. Эсвэл 1-2 цайны халбага хатаасан жимсийг нэг аяга усанд хийж, 10 минут байлгаад өдөрт 3 аяга хүртэл хэмжээгээр уулгана. Шинэ жимсгэнэ суулгалтыг даамжруулж болзошгүй. Гэхдээ энэ нь хэрэглэхэд ерөнхийдөө эрсдэлгүй юм. 
Ургамлын гаралтай агчил тавиулагчид
Маш олон төрлийн ургамал ходоод гэдэсний замд шууд антиспасмодик (агчил тавиулах) үйлдэл үзүүлдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг ургамлуудад хамба шарилж /Matricaria chamomilla/, эмт бамбай /Valeriana officinalis/, эмт далсар /Rosmarinus officinalis/, гаа /Mentha piperita/ болон эмт нимбэр /Meliassa officinalis/ ордог. Эдгээр ургамлын антиспазмодик үйлдэл нь туршилт судалгаануудаар судлагдсан байдаг. Эдгээр ургамал нь:
·         Гэдэсний агшилт тавиулах найрлагыг агуулдаг
·         Гэдэсний хий гадагшлуулдаг
·         Ходоодыг тонусжуулж, хүчжүүлдэг
·         Өвдөлт намдааж, булчин сулруулдэг байна.
Эдгээр ургамлыг дангаар буюу хамтаар хэрэглэх нь хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний колик өвдөлт, гэдэс цочролын хамшинжийг намдаахад их үр дүнтэй байдаг.
Дасгал
Дасгал хийж булчингаа чангаруулж байх нь гэдэсний булчинд ч нөлөөлдөг. Дасгал нь бие махбодийг идэвхижүүлж, стрессийг бууруулдаг. Мөн дасгал хийснээр эндорфин ялгарч, өвдөлтийг намдаах үйлдэл үзүүлдэг. 
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд
·         Эслэгийн нэмэлт, өдөрт 5 гр-аар
·         Ургамлын бэлдмэлүүд: гэдсэнд задрах бүрхүүлтэй гааны тос, хоолны хооронд 1-2 бүрхүүлээр
Амьдралын хэв маягийн өөрчлөлт
Ямар хүнсний бүтээгдэхүүн, эм, тэжээлийн бодис, амьдралын хэв маягийн хүчин зүйлс шинж тэмдгийг үүсгэж байгааг өдрийн тэмдэглэл хөтлөн бичиж байх нь чухал. Юу үүсгэж байгааг мэдвэл түүнээс зайлсхийх хэрэгтэй. 
Бусад зөвлөгөө
Хэрвээ таны гэдэс өвдөж эхэлсэн бол та суух буюу хэвтээд гүнзгий амьсгалж, тайвшрахыг хичээгээрэй. Мөн халуун усаар гэдсэн дээрээ жин тавих нь зарим хүнд өвдөлтийг намдаадаг. Гэдэс дүүрэхээс сэргийлж, цагаан гаа, ногоон гоньд (fennel), синнамон, гааны цайг хэрэглэнэ. Эдгээр нь бүгд үр дүнгүй бол идэвхижүүлсэн нүүрсийг шинж тэмдэг арилтал хэрэглэж болно.

No comments:

Post a Comment