Friday, December 19, 2014

Омега-3 тосны хүчлийн үйлчилгээ болон эх үүсвэрүүд

Омега-3 өөхний хүчлүүд

Омега-3 өөхний хүчлүүд нь нэгэн төрлийн поли-ханаагүй тос бөгөөд бие махбодид нийлэгждэггүй тул тэднийг эссенциал гэж нэрлэдэг. Энэ нь заавал хоол тэжээлээр тэднийг авч байх шаардлагатай гэсэн үг юм. 
Омега-3 тосны хүчлүүд
3 төрлийн омега-3 өөхний хүчлүүд байдаг.  
  • Альфа-линолений хүчил (ALA) нь 18 нүүрстөрөгчтэй, 3 цис давхар холбоотой нэгдэл юм. Эхний давхар холбоо нь өөхний хүчлийн омега-3 төгсгөлөөс n-3 буюу 3 дах нүүрстөрөгчийн байрлалд байдаг тул поли-ханаагүй n-3 (омега-3) өөхний хүчил гэж нэрлэдэг.
  • Эйкозапентаены хүчил (EPA) нь 20 нүүрстөрөгчийн атомтой, 5 давхар холбоотой, эхний давхар холбоо нь мөн л омега төгсгөлөөс гурав дах нүүрстөрөгчийн атом дээр байрладаг. 
  • Докозагексаений хүчил (DHA) нь 22 нүүрстөрөгч, 6 цис давхар холбоотой, дээрх 2-той адил байрлалд эхний давхар холбоо нь агуулагддаг тул омега-3 өөхний хүчил гэж нэрлэдэг.
 
Омега-3 өөхний хүчлүүдийн эх сурвалжууд нь: 
  • Альфа-линолений хүчил: Маалинганы үр (flaxseed), чиа үр (chia seed) хушга (walnut), шар буурцаг (soybeans), канола (canola)
  • Эйкозапентаений хүчил: Тосорхог загаснууд болох май (herring), хар амар (mackerel), яргай (salmon), сардин (sardines) загаснууд 
  • Докозагексаений хүчил: Тосорхог загаснууд болох май (herring), хар амар (mackerel), яргай (salmon), сардин (sardines) загаснуудаас гадна замагны ферментациар үүсч болно
 
Маалинганы үр
Чиа үр

Омега-3 өөхний хүчлийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Омега-3 өөхний хүчлүүд нь одоо цагийн эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг хоолны дэглэмийн сөрөг нөлөөг засдаг. Омега-3 өөхний хүчлүүдээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр зүрхний өвчин, цус харвалт, хавдар, БНЛП-ын ихсэлтийн эрсдлийг бууруулах үйлдэлтэй. 
Альфа-линолений хүчил нь холестерол, триглицеридийн түвшинг бууруулж, цусны судасны уян хатан байдлыг хангаж, артерид өөхний хуримтлалыг үүсэхээс сэргийлэх замаар зүрхний өвчин болон цус харвалтыг бууруулдаг. 
Харин эйкозапентаений болон докозагексаений хүчлүүд нь тархи болон нүдний хөгжилд оролцдог, зүрх, судасны өвчнөөс сэргийлдэг, Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх чадвартай байдаг. АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар эдгээр өөхний хүчлүүдийг өдөрт дунджаар 664 мг хэрэглэж байсан бүлгийн хүмүүст зүрх судасны өвчний тохиолдол 40%-аар буурч, бусад үхэлд хүргэдэг бүх эмгэгүүдийн эрсдлийг бууруулж байжээ. 


No comments:

Post a Comment