Супер хүнс гэдэг нь бидний биед нийлэгжиж бий болдоггүй амин чухал тэжээлийн бодисуудыг хамгийн ихээр агуулдаг, байгальд оршдог хүнсний нэг ангилал юм. Хэдийгээр салад, хүнсний ногоог бид хүнсэндээ хэрэглэдэг боловч эрдсийн агууламж нь багассан хөрсөнд тарьсан байдаг тул супер хүнс нь тэжээлийн бодисоор таныг хангах сайн эх сурвалж болдог. Тэдгээр нь өдөр тутам бидний хэрэглэдэг хүнснээс маш их тэжээллэг бөгөөд антиоксидантуудын маш гайхалтай эх сурвалж болдог.
"Супер хүнс нь тэжээллэг бодисуудын агууламжаараа хамгийн баялаг бөгөөд илчлэггүй, эрүүл мэндэд хортой өөх-тосгүй, ямар нэгэн хорт бодисуудыг агуулдаггүй. Тийм ч учраас эдгээр нь таныг зохистой жинтэй, эрүүл байлгах хүчний эх булаг юм" Gillian McKeith, You are what you eat
Ногоон супер хүнснүүд (green super foods)
Ногоон ургамал, хүнсний ногоо нь биед ач тустай боловч ногоон супер хүнс нь тэрнээс ч илүү хэрэгтэй. Ногоон супер хүнснүүд нь хялбархан шимэгдэхүйц тэжээлийн бодис, өөх хайлуулах нэгдлүүд, бие махбодыг хамгаалж, эдгэрүүлэхэд шаардагддаг аминдэм, эрдсийг маш их концентрацитайгаар агуулдаг. Түүнчлэн уураг, хамгаалагч фито-химийн бодисууд, ашигтай бактер зэргээр таны бие махбодыг хангахаас гадна хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, өвчин эмгэгээс сэргийлэхэд тусална.
Ногоон супер хүнснүүд нь ургамалд ногоон өнгийг бий болгодог хлорофиллоор маш баялаг юм. Хлорофиллийн молекулын бүтэц нь хүний цустай адил бүтэцтэй бөгөөд судалгаагаар хлорофиллийг хэрэглэхэд цусны гемоглобины хэмжээ нэмэгддэг байна. Цусны урсгал дахь гемоглобин их байх тусам хүчилтөрөгчөөр баялаг байж, эд эрхтнийг хангалттай хэмжээний хүчилтөрөгчөөр хангах болно.
Ногоон суперхүнс |
Өвснүүд
Улаан буудайн өвс (wheat grass)
Энэ нь улаан буудайн үрийг соёолуулан ургуулсан өвс юм. Бүхэл тарианаасаа ялгаатай нь соёолж нь учраас глутен болон бусад харшил төрүүлэгч нэгдлүүдийг агуулдаггүй. Улаан буудайн өвс нь бие махбодыг шүлтшүүлэхийн хажуугаар цус төлжилтөнд оролцдог. Бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулж, бодисын солилцоог дэмжихийн зэрэгцээ хоол боловсруулалтыг дэмжиж, жин хасахад тусална.
Арвайн өвс (barley grass)
Арвайн өвс нь үнээний сүүнээс 11 дахин их кальци, бууцайнаас 5 дахин их төмөр, жүржийн шүүснээс 7 дахин их С аминдэм болон биофлавоноидуудыг агуулдаг. Энэ нь В12 аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулдаг тул цагаан хоолтнуудад ач тустай. Арвайн өвсний шүүс нь вирусын эсрэг үйлчилгээтэй бөгөөд цуснаас мөнгөн ус гэх мэт хүнд металлыг зайлуулдаг.
Замагнууд
Зэрлэг хөх-ногоон замаг (Wild blue-green algae)
Замаг нь дэлхий дээрх амьдралын хамгийн эхний хэлбэр байсан бөгөөд түүний хүч чадал хэмжээлшгүй. Хөх-ногоон замаг нь фитопланктон (phytoplankton-далайн усанд хөвж байдаг, жижиг хэмжээний организмууд) бөгөөд дэлхий дээр мэдэгдэж буй бараг бүх тэжээлийн бодисыг агуулж байдаг. Уургийн агууламж нь 60% байдаг тул үхрийн мах, шар буурцагнаас илүү амин хүчлүүдийн агууламжтай байдаг. Түүнчлэн бета-каротин, В аминдэмүүд, хлорофиллын гайхалтай эх сурвалж болно. Оюун ухааны чадварыг нэмэгдүүлж, дархлаа тогтолцоог сайжруулж, вирус, ханиад, томуугаас сэргийлэхэд тусална.
Спирулина (Spirulina)
Спирулина нь Мексик болон Африкийн уугуул иргэдийн хэдэн мянган жил хэрэглэж ирсэн, бичил-замаг юм. Дэлхий дээр мэдэгдэж байгаа бүтээгдэхүүнүүдээс уургийн агууламжаараа хамгийн их буюу 70% нь уураг байдаг (харин үхрийн шарсан махны уургийн агууламж 25%). Судалгаануудаас харахад спирулина нь цусны чихрийн түвшинг тогтворжуулж, хоолны дуршилыг багасгаж байдаг. Түүнчлэн үүнийг жин хасахад хэрэглэж болох ба эрүүл хоолны дэглэмийн хажуугаар ерөнхий тэжээлийн бодис болгон хэрэглэж болно.
Хлорелла (Chlorella)
Хлорелла нь цэвэр усны замаг бөгөөд бусад замагны бүлийнхэнтэй адил уураг, В аминдэмүүд, С, Е аминдэм болон олон төрлийн эрдсийг агуулж байдаг. Энэ нь дархлаа тогтолцоонд маш их ач холбогдолтой ба холестерол бууруулж, судас хатуурахаас сэргийлж, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдлийг бууруулна.
Ногоон навчит ургамлууд
Ногоон навчит ургамлууд нь олдоцтой, тэжээллэг чанар ихтэй ч ихэнх хүмүүс хангалттай хэмжээгээр хэрэглэж чаддаггүй. Сүүлийн үеийн судалгаануудаар ногоон навчит ургамал ихээр хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчин, хавдраар өвчлөх нь бага байдаг гэдгийг баталсаар байгаа. Шинэхэн, болгоогүй, ногоон навчит ургамал нь их хэмжээний хлорофилл, хялбар шингэхүйц уураг, энзим, олон төрлийн аминдэм, эрдсээр баялаг байдаг. Эдгээр ургамлууд нь цус төлжүүлж, тархи, дархлаа тогтолцоог дэмжиж, бөөрөөр хорт бодисууд ялгаралтыг сайжруулдаг. Дараах ногоон ургамлуудыг аль болох олон төрлөөр, их хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй: шөнийн нил цэцэг (rocket), бууцай (spinach), багваахайн навч (dandelion greens), буржгар байцаа (kale), усан кресс (watercress), яншуй (parsley), шанцайны ургамал (lettuce), цэцэгт байцайн соёолж (broccoli sprouts), гичний соёолж (mustard sprouts).
Ургамал суперхүнс
Ургамал суперхүнс |
No comments:
Post a Comment